Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-02 16:07:25
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг яаралтай засварлах шийдвэр гарав
2.2 км үргэлжлэх уг замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шаардлагатай болжээ.
 
Автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэхийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, ажлыг яаралтай эхлүүлэхийг даалгасан юм. 
 
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгосон.
 
Өнөөдөр хотын удирдлагууд газар дээр нь очиж, газар чөлөөлөлт хийгдэх хэсэг, замын трас зэрэгтэй танилцав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ