Аймгийн нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-04 17:15:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 13 сумын 28 багт нийт нэг сая 847,9 мянган толгой малыг өвөлжилтөнд бэлдэж, зохицуулалт хийх шаардлагатай байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Учир нь аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын  бэлчээрийн даац багтаамжийн судалгааг гаргахад нийт бэлчээрийн 22 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 30 хувь нь олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ.

Харин нийт бэлчээрийн 20 хувь нь нөөцтэй, 28 хувь нь хүрэлцээтэй байна гэв.

Бэлчээрийн даацыг сумын нутгаар тооцоолж үзвэл Баруун-Урт сумын бэлчээр 100 хувь, Уулбаян 40 хувь, Түмэнцогт 34 хувь, Наран сум 33 хувь гэх мэтчилэн 13 сумаас 12 сумын бэлчээрийн даац тодорхой хувиар олон дахин хэтэрчээ.

Үүнээс харахад нийт нутгийн 20 хувьд өвөлжилт хаваржилт хэвийн байх боломжтой. 28 хувьд отрын мал оруулах боломжгүй, зөвхөн тухайн багийн мал өөрийн нутагт өвөлжиж, хаваржихад бэлчээр хүрэлцэнэ. Үлдсэн нутагт бэлчээрийн даац хэтэрсэн учир тус газар нутгийн малд зохицуулалт хийх шаардлагатай болжээ.

Тус аймгийн нутгаар зуншлагын байдал 2018 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд дунд зэрэг байсан байна. Бэлчээрийн ургамал Түвшинширээ, Түмэнцогт, Баруун-Урт, Наран сумдад хамгийн их ургацтай байжээ.  

Дээрх судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд 217-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ