Шүүхийн захиргааны ажилчид тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-06 17:17:51
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын 82 ажилтан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.



Ёслолын ажиллагаанд ШЕЗ-ийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, тус зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн ШЕЗ-ийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон захиргааны ажилтнууд оролцов.



ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж үг хэлэв.
Тэрбээр, "Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл гэж хүлээж аваарай. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэв.
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ