Увс аймагт 9 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 22:44:28

 Монгол Улс даяар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль энэ сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байна. Xууль хэрэгжиж буй эхний 10 хоногт Увс аймагт 9 жолооч согтуугуур тээврийн хэрэгсэл жолоодож эрүүлжүүлэхэд оржээ. Мөн эрхийн үнэмлэхгүйгээр 6 этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Шинэ хуулийн дагуу эрхийн үнэмлэхгүй этгээдүүдийг баривчлуулах саналыг аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Шүүхэд өгсөн боловч тэд шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Учир нь тус хуулийг хэрэгжүүлэх шийдвэр Шүүхэд хараахан ирээгүй байгаа аж. Иймээс замын цагдаа нар тэдгээр иргэдийн жолоодох эрхийг хасч, цалингийн доод хэмжээг хоёр дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 380 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

   “Явган зорчигчид гарцаар гарах, мотоцикльтэй иргэд хамгаалалтын малгай өмсөх, жолооч нар хамгаалалтын бүс бүслэх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох зэргээр Увсынхан шинэ хуулийг сайн биелүүлж, хэрэгжүүлж байна. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал мэр сэр байна. Бид үүнд хатуу хяналт тавьж ажиллана” хэмээн Увс аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, хошууч Т.Баярмагнай онцоллоо.

   2015 оны 7-р сарын 2-аас өмнө эрх хасагдсан жолооч нарын эрхийг сэргээхээр Өршөөлийн хуулинд заасан байна. Энэ дагуу аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт 70 гаруй хүн жолоодох эрхийн үнэмлэхээ авахаар материал бүрдүүлж өгчээ. Эдгээр хүмүүсийн материалыг өнөөдөр Замын цагдаагийн лицензийн төв рүү шилжүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос үнэмлэх нь ирэх юм байна. Увс аймгийн хувьд 500 орчим иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хураалгажээ.

   Жолоодох эрхийн үнэмлэхээ авах иргэд Төрийн банкинд 12 мянга таван зуун төгрөг тушааж, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийн маягт бөглөж өгснөөр асуудал шийдэгдэж байгаа аж.

   Шинэ хуулийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан олон нийтэд хүргэж, сурталчилж байна.

   Увс аймаг Б.Батхүү

Related news
Comments