Хоёр иргэн газраа чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил саатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 10:35:40

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хийж буй Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, 34-Б байрны хойд талаас 21-р хорооллын уулзвар чиглэлд 0.89 км автозамын бүтээн байгуулалт хоёр иргэн газраа чөлөөлөөгүйн улмаас саатжээ.

Нэгдүгээр хорооллоос гэр хорооллын гудамж дундуур гараад 21-р хорооллын уулзвар хүрэх энэ хэсгээр олон тооны тээврийн хэрэгсэл зорчдог тул шороон замтай байхад тоосжилт их үүсдэг байжээ. Одоо барьж байгаа автозамыг замыг бүрэн ашиглалтад оруулснаар тоосжилт багасч, Энхтайваны өргөн чөлөө болон Үйлдвэрчний эвлэлийн гудамжийн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцож, өнгөрсөн оны 10 сараас эхлэн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл зам барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн.

Тус замын зурваст багтсан 30 гаруй иргэний хашааг татуулж газар чөлөөлөлт хийжээ. Эдгээр иргэдтэй Нийслэлийн өмчийн харилцааны газраас замын ажил эхлэхээс өмнө үнэ тохиролцож газрыг нь чөлөөлүүлжээ. Гэвч иргэн А болон П нар анх тохиролцсон үнээ өсгөж, илүү мөнгө өгөхийг шаардаж, бүтээн байгуулалтын ажлыг гацаанд оруулаад байгаа аж.

Ч.Ариунболд

Related news