Хориотой эм, эд зүйлийг хил давуулах гэсэн оролдлого нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 13:43:51

Улсын хилээр нэвтрэх баримт бичгийн хуурамчаар хийх, бусдын баримт бичиг ашиглах, бусдын нэр дээр хуурамч баримт бичиг үйлдэж улсын хилээр нэвтрэхийг завдах, тээврийн хэрэгсэлд нуугдан хил нэвтрэх, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйл, эм тариа, сум галт хэрэгсэл, үнэт металл, түүхт дурсгалын эд зүйлс, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх зөрчил ихсэх хандлагатай болсон байна.

Сүхбаатар хотноо болсон Хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөний үеэр Боомт газраар цагийн байдал ямар байгаа талаар Хилийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх мэдээлэл хийсэн юм. Тэрээр:”Монгол Улсын хилээр сэтгэцэд нөлөөлдөг амлацин гэдэг эмийг иргэд биедээ нуух аргаар маш ихээр нь оруулж байна. Мөн улсын хилээр буу галт зэвсэг оруулж ирэх нь ихэслээ. Бид нэг өдөр 18 ширхэг буу илрүүлж байсан. Энэ нь хийн буу гэсэн зориулалтаар хийсэн боловч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй байсан. Монгол Улсын хуулийн дагуу иргэн хийн бууг нэг удаа нэгийг оруулах эрхтэй байдаг. Энэ нь зөвшөөрөл, бичиг баримттайгаар хуулийн хүрээнд явагддаг зүйл. Түүнчлэн зарим иргэд хилээр орж ирэхдээ хар тамхи, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлсөн эм хэрэглэсэн орж ирж байна. Улсын хилийн хариуцсан хэсгээр хориглосон болон хязгаарласан эд зүйлийг хоёр талын иргэд урьдчилан үгсэн тохирч хил давуулахыг завдаж байна, давуулж ч байна. Түүнчлэн хар тамхины төрлийн ургамал түүх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй, орон гэргүй тэнэмэл хүмүүс, баримт бичгээ үрэгдүүлсэн, эсвэл гэмт хэргээс оргон зайлагсад урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттайгаар улсын хилийг болон хил орчмын дэглэмийг зөрчиж болзошгүй байна. Ийм бодит аюул нүүрлэж байгааг мэдээлэх нь зүйтэй” хэмээн ярилаа. Иргэдийн оруулж ирж байгаа сэтгэцэд нөлөөлдөг тэрхүү эм нь ОХУ-аас оруулж ирэхдээ 1 таблет буюу 6 ширхэг нь 40000 төгрөгөөр зарагддаг боловч цаашаа дамлагдаад хэрэглэгчдээ 120000 төгрөгт хүрч очдог гэнэ. Энэ байдал нь хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд бий болж буйг баталж байна хэмээлээ.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news