Хүүхдийн овоог сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-16 17:58:06

Дорнод /МОНЦАМЭ/. Хэцүү То вангийн бүтээсэн Их бурхант цогцолборын ойролцоо, Халх голын эрэгт оршдог Хүүхдийн овоог сэргээхээр болжээ. Одоогоор ажлын хэсэг байгуулагдан судалгааны ажилдаа ороод байна. Энэхүү түүхэн газрыг сэргээж чадвал аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн болохоос гадна түүхэн дурсгалыг баларч мартагдахаас нь өмнө авч үлдэх юм.   

Өдгөө Хүүхдийн овоо хэмээн нэрлэгдэх болсон энэ газарт То ван хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гурван зуун хүүхэдтэй анхны сургуулийг нээж байсан гэдэг. Энд хөгийн найман багачуудын дэг буюу найман дуучин, найман бүжигчин, найман хөгжимчинтэй байсан түүхтэй.

Үзэгдэх байдлын хувьд, дээрх газарт таваас зургаан метр орчим өндөр, Хэрлэн бар хотын цамхагтай тун төстэй, Дарвид маягийн бөмбөгөр оройтой арав орчим бунхан суварга байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Эдгээрийг Их бурхнаас ч өмнөх эртний зүйл хэмээн үзэх бүрэн үндэс бий аж. Бурханы суурь болох хиймэл гэлтэй толгойг тойруулан өргөн суваг татаж ус дүүргэн дээгүүр нь гоёмсог чулуун гүүр тавьж, сувгийн хөвөөгөөр ногоон модтой. Мөн сувгийн адагт томоохон хэмжээний устай, тэр дундаас нэгэн чулуун бунхан цухуйж харагддаг байжээ. Энэхүү барилга байгууламж 1920-иод оны эхэн үе хүртэл нэлээд танагтай, суваг нь устай, гүүр нь бүтэн байсан боловч цагийн явцад бүдгэрэн ор суурь төдий болсон байна.

Д.Дэлгэрмаа

Related news