Хангайн бүсийн морьдын уралдаан энэ сарын 5,6-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-03-01 15:14:56

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулах Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 5,6-нд болно.

Хурдан морьдыг азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэж ангилан уралдуулах ба азарга, соёолон, эрлийз морьд 16 км, их нас 18 км-ийн зайд уралдана. Тус уралдааныг Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбоо, аймгийн цагдаагийн газар, Хүүхдийн төлөө төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтран уралдаанч хүүхэд нэг бүрийг шалгаж, хамгаалалтын хувцас, биеийн байдал зэргийг үзэх юм байна.

Арвагар хээр холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн “Азарга, их нас, соёолон насанд зөвхөн цэвэр монгол адуу уралдуулна. Мөн уралдаанд заасан насны адуу тухайн насандаа л уралдана. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд морь уралдахад саадгүй тогтуун байх төлөвтэй байна” гэв. Тус холбооны зүгээс уралдаанч хүүхэд заавал өвдөг, тохой, толгой зэргээ хамгаалсан стандартын иж бүрэн хувцас өмсч байж уралдаанд оролцох гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд уралдааны зохион байгуулалтад нийт 10-аас дээш машин оролцох, хурдан морь тавиач хүүхэд оролцуудах зэргийг хориглож байгаа аж.

С.Сайнзаяа

Related news