Филиппинд “Юту” хар салхи дэгдсэний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-01 11:53:21

МАНИЛА. /NHK/. Филиппиний хойд нутгийн Лузонь арал дээр “Юту” хар салхи дэгдсэний улмаас есөн хүн амиа алдсаны дунд бага насны хүүхдүүд байсан тухай телевизийн “NHK” суваг пүрэв гарагт мэдээлэв.


Тус улсын холбогдох албаны удирдлагууд амиа алдсан хүмүүсийн тоог албан ёсоор мэдээлсэн бөгөөд уг хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний зэрэгцээ голууд үерлэсэн аж.


Мөн мягмар гарагийн шөнө Лузонь арлын хойд хэсэгт оршдог, уулархаг Натонин мужид хөрсний гулгалтын улмаас засгийн газрын байр нурсан байна. Уг барилга дотор ажилтнууд болон түр хоргодсон хүмүүс нийлсэн 30 орчим хүн байжээ.


Филиппиний олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, тус орон нутагт түр хоргодох байр байхгүй бөгөөд уг барилга нь тус нутаг дахь цорын ганц бетоноор баригдсан барилга байсан тул нутгийн оршин суугчид уг байшинд хоргодож байсан аж.


Байгалийн гамшгийн улмаас засгийн газрын байр руу хүрэх зам хаагдсан нь аврах ажиллагааг явуулах хүнд машин механизм хүрч очих боломжгүй болгожээ. Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хийгээд гал сөнөөгчдийн баг шавар шороог зайлуулах ажилд экскаватор ашиглан ажиллаж байна. 

Related news