“Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:08:48

Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор Чингис хотын төв талбайд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүч нэмье” уриатай “Эх дэлхийн цаг” олон нийтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийтдээ 47 төрийн байгууллагын 1500 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд
энэхүү үйл ажиллагааны нээлтэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Засаг даргын орлогч Ганхуяг, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр, Ойн албаны дарга Д.Мөнгөнцэцэг, УЦУОШГ-ын дарга Л.Чулуун, Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

“Эх дэлхийн цаг-2016” олон нийтийн үйл ажиллагааны хүрээнд оролцогчид “Дэлхий ээж” дууг нийтээр дуулан, “60+Хэнтий” гэсэн үгийг 600 ширхэг лаагаар бүтээн асааж, байгуулага тус бүр уриа лоозон барьж жагсав. Мөн оролцогч байгууллагуудыг ирц, хувцас жигдрэлт, уриа лоозон, уриаг илэрхийлэх байдлаар нь байр эзлүүлэхэд 1 дүгээр байрыг Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, 2 дугаар байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 3 дугаар байрыг Хан Хэнтий цогцолбор сургууль эзлэн тус тус шагнууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news