Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Сонгуулийн хууль зөрчиж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 10:25:15

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал үзэж байна.

Тэрээр аймгийн Засаг даргыг сар шинийн баяраар 2000 шахам цаг тооны бичиг хэвлүүлж, айл өрхүүдэд тараасан. Ингэхдээ төсвийн мөнгөнөөс 3 сая гаруй төгрөг зарцуулж, өөрийн зурагтай мэндчилгээг хэвлүүлсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.8-д заасан “Аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараахыг хориглоно”, 70.5.9-д заасан “Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.

Түүнчлэн 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан зорилтот ажлын хүрээнд “Залуусын хөгжил” аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, сумдад урлагийн тоглолт, уралдаан, тэмцээн явуулж байгааг нь буруушаасан юм. Энэ нь намынхаа сурталчилгааг төрийн бус байгууллагуудын нэрээр халхавчиж байгаа хэрэг гэлээ.

Аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал Ерөнхий сайдад хандаж эл үйлдэлд хариуцлаг тооцох тухай шаардана гэж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news