Монгол гэрээ брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-19 09:56:54

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн А.Даваадорж гэргий Г.Тунгалаг, түүний ах А.Бямбадорж нар нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв болсон монгол үндэсний гэрээ урлаж дотоодын болоод гадаадын жуулчин,  хувь хүн, албан  байгууллагын хэрэгцээнд нийлүүлдэг ажилтай.

Тэд Дорноговь аймгийн уугуул  боловч багадаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд  шилжин олон жил амьдрахдаа монгол гэр урлах талаар маш их зүйлийг  сурчээ.  2014 оноос хойш Дорноговь аймагт ирж ажиллахдаа 30 гаруй монгол гэрийг иж бүрнээр нь урласан аж.

Эрээн, сийлбэртэй, лакадсан зэргээс шалтгаалж таван ханатай нэг гэр бүтээхэд 7-14 хоног зарцуулдаг бөгөөд дунджаар 2.5 сая төгрөгөөр, зургаан ханатай бүрээстэй гэрийг зургаан сая орчим төгрөгөөр худалддаг байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр,Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Өмнөговь аймгийн Ханбогд зэрэг сумын малчид, иргэд түүнээс гэр худалдан авахаас гадна захиалга ч тасардаггүй аж.

Гэрийн эзэн А.Даваадорж гуай ”Бид өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилго тавьсан. Гэр худалдан авч байгаа хүмүүст зохих хэмжээний баталгаа гаргаж өгдөг. Захиалагчаас эхлээд тавин хувийн санхүүжилт авч, гэрээ урлаж дуусгасны дараа үлдсэн санхүүжилтээ авна.

Аль болох сайн чанартай гэр урлахыг эрхэмлэдэг. Муу бүтээгдэхүүн хийвэл говийн халуун нар, салхи шалгачихна. Сүүлийн үед аймгийн Баялаг бүтээгчдийн холбоотой хамтарч ажиллаж байна. “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд оролцож “Шилдэг баялаг бүтээгч” шагнал авлаа. Одоо үйлдвэрлэлээ өргөтгөж мужаан ажиллуулах төлөвлөгөөтэй. Гэтэл санаанд нийцсэн ажилсаг хүн олдохгүй байна” гэв.

Х.Эрдэнэбулган

Related news