Дорнодын төв номын сан Эрдэм шинжилгээний танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-09 16:33:38

Дорнод аймгийн төв номын сан дэргэдээ Эрдэм шинжилгээний танхимтай боллоо. 2014 онд номын сангийн барилгад өргөтгөл хийснээр хэд хэдэн танхим шинээр байгуулахаар зураг төсөв хийсний нэг нь энэ юм.

Оюуны бүтээл туурвил хийж байгаа болон докторантур, магистрт сурч байгаа аймгийнхаа оюутнуудыг дэмжих, тэдний ажиллах ая тухтай орчныг бий болгох зорилгоор уг танхимыг байгуулжээ. Номын сангийнхан анхны энэ санаагаа аймгийн төсөвт суулгуулснаар танхимыг засч тохижуулан саяхан нээлтээ хийв. Цаашид материаллаг баазын хувьд улам бэхжүүлж орчин үеийн шаардлага хангасан оюуны томоохон төв болно гэдгийг номын сангийн дарга Ж.Цагаан нээлтийн үеэр хэлсэн юм.

Төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн энд болохоос гадна Дорнод нутгаас төрөн гарсан эрдмийн зэрэг цолтнуудын бүтээл туурвилаар танхимын номын сан улам баяжиж явах юм.

Б.Туяа

Related news