“Баярконстракшн” цахилгаан түгээх компаниудаас 3.7 тэрбум төгрөг нэхэмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-10 16:53:14

“Баярконстракшн” ХХК 2012 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК-иудын ажилчдын орон сууц барих гэрээ байгуулжээ.

Гэвч захиалагч талын санхүүжилтээс болж ажил удааширсан хэмээн “Баярконстракшн” компаниас мэдэгдсэн юм.

“Баярконстракшн” ХХК гүйцэтгэгчийн талаас захиалагчийн нөхцлийг хүлээн авч, метр квадрат нь 1 сая 100 мянган төгрөгийн үнэтэй байсан үнийн дүнг буулган  900 мянгаас 1 сая төгрөгийн өртөгөөр  барихаар гэрээлжээ. Гэрээний дагуу барилгын ажил  70 хувьд  хүрэхэд төлбөрийн 40 хувийг өгөх байсан ч мэргэжлийн байгууллагаар  шалгуулах нэрийдлээр 4 сар хүлээлгэсэн аж.

 “Баярконстракшн”-ы захирал Т.Цогбадрах ярихдаа, “Захиалагч тал банкинд зээл хүссэн материалаа удааж барилгын санхүүжилтээс хойш татсан.  Хэдийгээр санхүүжилт хүндрэлтэй байгаа ч энэ хугацаанд манай компани өөрийн үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрээ барьцаалж хоёр  банкнаас өндөр хүүтэй буюу 7.4 тэрбум төгрөгийн зээл авч, барилгын ажлыг зогсоолгүй үргэлжлүүлсэн. Хэрэв санхүүжилтийг шийдсэн бол энэ сарын 30 гэхэд барилга ашиглалтад орох боломжтой байлаа”гэв.

594 айлын орон сууцны зах зээлийн ханшаар 21.3 тэрбум төгрөг болж буй ч УБЦТС,ЦДҮС, ТӨХК-ийн 300 ажилчин энэхүү орон сууцыг 13.3 тэрбум төгрөгөөр авч буй аж. Одоогоор тус компанид дээрх байгууллагууд 3.7 тэрбум төгрөг төлөх ёстой гэнэ.

 Г.Уранчимэг

Related news