Цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-29 17:04:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт автомашин, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.

-“Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон Старекс маркийн хоёр автомашиныг хүлээлгэн өглөө. Цар тахлын энэ үед эрүүл мэндийн салбарт шаардлагатай байсан автомашиныг өгсөнд талархал илэрхийлье. Манай эмнэлэг УАЗ-469 автомашинаар дуудлагад явж, хэвтрийн өвчтөн тээвэрлэхэд хүнд байлаа. Одоо энэхүү автомашин дотор хүнд өвчтнүүддээ хүчилтөрөгчөө өгч, амилуулах, суурь тусламжаа үзүүлэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн салбар, эмч ажилчдын өмнө тулгарч буй асуудлуудыг тухай бүр нь шуурхай шийдвэрлэж өгсөн аймгийн удирдлагад баярлалаа гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа энэ үеэр хэллээ.


Харуул хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ

Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газарт мөн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өглөө.

Улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн автомашин. Хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайсыг Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө. Ингэснээр цар тахлын хүнд үeд иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг шуурхай хүргэх, харуул хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news