Шатахууны борлуулалт даваа гаргаас хэвийн горимд шилжинэ

Монголын мэдээ | Нийгэм
khandmaa@montsame.gov.mn
2021-09-25 23:20:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгчээ. Компаниуд ирэх даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Өнөөдөр 1210 тонн АИ-92 шатахуун бүхий 20 вагон Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна. Түүнчлэн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусжээ. Энэ нь 9-р сарын 26-нд Хөх хотоос Эрээний боомтын зүг хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирэх аж.

Манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, импортын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд шатахууны хангамж нийлүүлэлт, хамтын ажиллагааны талаар уулзаж хэлэлцдэг. Энэ жилийн уулзалт 9-р сарын 21-25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын баг оролцсон юм.

Уг уулзалтын үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн АИ-92 автобензинийг эхний ээлжинд яаралтай нийлүүлэхээр тохиролцсон. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэх юм.
Related news