Туркт 5 генерал, 29 хурандааг баривчиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-16 15:18:18

АНКАРА. /Anadolu/. Турк даяар армийн 754 албан хаагчийг баривчиллаа гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Баривчлагдсан хүмүүсийн дотор таван генерал, 29 хурандаа байгаа аж.

Туркийн армийн доторх нэгэн бүлэглэл Засгийн газрыг түлхэн унагаахаар оролдсон гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн билээ.

Цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш төдийлөн удалгүй Эрдоган мэдэгдэл хийхдээ “зам талбай руу гарч жагсан, эргэлт хийх гэж байгаа хүмүүст хариуг нь өгөхийг” иргэдэд хандан уриалсан байна. Тэрбээр хэдэн цагийн дараа Истанбулд буусныхаа дараа улс оронд байдал намжих хүртэл "Ататурк" нисэх онгоцны буудлаас гарахгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн тэрбээр нисэх онгоцны буудалд цугласан олонд хандан үг хэлэхдээ “Turkish Airlines” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Анкарад бага хэмжээний үймээн гарсан байна. Тиймээс нөхцөл байдал хэвийн болох хүртэл би энд байх болно” гэж мэдэгджээ.

Эрдоган Туркийн Засгийн газрыг унагаах гэж оролдсон хэрэгт сэжиглэгдэж буй АНУ-д амьдардаг шашны номлогч Фетулла Гуллен-ийг зэмлэн буруушаагаад, "чиний эх орноосоо урвасан явдал чинь одоо хангалттай" гээд Туркт буцан ирж шүүхийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан байна.

Д.Нямтулга

 

Related news