“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг идэвхтэй хөдөлгөөний олон төрлөөр баяжуулан өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-18 22:12:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс, орон даяар өрнөж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг Сэлэнгэ аймагт идэвхтэй хөдөлгөөний олон төрлөөр баяжуулан зохион байгуулж байна.

Тухайлбал аймгийн төв Сүхбаатар сумын Засаг даргын ивээл дор нийтийн цэнгээнт бүжгийн хосын аварга шалгаруулах “Сэлэнгийн хавар-2022” тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээн эрэгтэй-эмэгтэй болон эмэгтэй хос гэсэн төрлөөр, 40-50, 50-60, 60-аас дээш насны ангилалд боллоо.

Тэмцээнд оролцож буй хосууд “Уран вальс”, “Хурдан фокстрот”, “Удаан фокстрот”, “Танго”, “Коробейник”, “Полько”, “Вальсвостон”, “Түстел”, “Подсани” зэрэг стандарт бүжгийн төрлүүдээр оролцож, ур чадвар, хөдөлгөөний урлагаар өрсөлдсөн байна.

Цэнгээнт бүжгийн тэмцээний нээлтэд оролцсон сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн “Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд зүтгэлээ зориулж буй бүжгийн холбоодын ажлыг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ташрамд дуулгахад "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд аймгийн төв Партизаны талбайд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн өглөө бүр 6.30-8.00 цаг хүртэл дасгал хөдөлгөөн, нийтийн бүжиг явуулах аж. Энэхүү үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ идэвхтэй оролцож, аянд нэгдэхийг аймгийн БТСГ-аас уриаллаа.

 

Related news