Сүегэр уран бичгийн уралдаанд 200 гаруй бүтээл иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулж байна.
Үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулж буй тус уралдаан нь мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, насанд хүрэгчид, сурагчид, иргэд төрийн албан хаагчид гэсэн ангилалд болж байна.
Энэ жилийн хувьд оролцогчид илүү нэмэгдсэн бөгөөд Улаанбаатар хот, Архангай, Булган, Хөвсгөл, МУИС, МУБИС, Идэр дээд сургуулийн багш, оюутнуудаас 200 гаруй бүтээл иржээ. “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдааныг Хөвсгөл аймгийн БСУГ, Титэм ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна. Шилдэг бүтээлүүдийг ирэх пүрэв гарагт тодруулах юм.