“Түүхт нутгаар аялахуй-Виртуал музей” төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-02 13:45:47

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг “Түүхт нутгаар аялахуй-Виртуал музей” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Наймдугаар сарын 20-нд программаа хүлээн авч, хичээлийн шинэ жилээр олон нийтэд хүргэж эхлэхээр төлөвлөж байна гэж Орон нутгийг судлах музейн захирал В.Нарангэрэл хэллээ. Энэхүү төслийг Дорнод аймгийн нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх хүрэл зэвсгийн үеийн соёлын томоохон дурсгалууд, олон цаг үеийн хамарсан соёлын хосгүй өв болсон дурсгалууд, түүхэн үзмэрүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал ертөнцөд бүтээж, орон зай цаг хугацаанаас үл хамааран түүх соёлоо таниулах, сурталчлах, байнгын үзүүлгээс сэлгэн амрааж, насжилтыг уртасгах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн хүрээнд хээр хөдөө байгаа үл хөдлөх дурсгал, музейн сан хөмрөг дэх хөдөлгөөнт өвөөс нийт 50 орчим түүх соёлын өндөр ач холбогдол бүхий дурсгалыг сонгон 3D, 2D, видео бичлэг хэлбэрээр баримтжуулан, Virtual Reality, Augmented Reality технологиор дижитал үзүүлэг бүтээж, орчин үеийн ухаалаг төхөөрөмж ашиглан олон нийт, хүүхэд, залууст түүх соёлын өргөн мэдлэгийг олгох юм. Үүний үр дүнд олон нийтийн соёлын өвийн боловсролын түвшин сайжрах, соёлын өвийг хайрлан хамгаалах сэдэл төрүүлэхэд хувь нэмэр болох төдийгүй, төслөөр бүтээсэн дижитал музей нь Дорнод аймгийн түүх соёлын дурсгалыг сурталчлах, дотоод, гадаадын аялагч жуулчдыг татах бүтээгдэхүүн болно.

Related news