АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-03 13:00:45

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сард Саудын Арабад айлчилж, угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Сальман Аль Саудтай уулзана гэж “The New York Times” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, Ж. Байден энэ сарын сүүлчээр Израил болон Европт хийхээр төлөвлөж буй айлчлалдаа Саудын Арабыг багтаасан байна.


Энэхүү айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бин Сальмантай, мөн Египет, Ирак, Арабын Нэгдсэн Эмирт Улсын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.


“The New York Times” сонинд мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн 2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийн дараа муудсан хоёр орны харилцааг сэргээхийг зорьж байгаа аж.


Цагаан ордны тэргүүн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Саудын Арабыг "дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан улс" болгоно гэж амлаж байсныг тус сонин сануулжээ. Удахгүй болох айлчлал нь ёс суртахуун бодит улс төрд ялагдаж байгааг харуулж байгаа бөгөөд Украин руу довтолсонтой холбоотойгоор Вашингтон Оросыг тусгаарлах гэж оролдож байгаа нөхцөлд газрын тосны үнийг бууруулах зорилготой гэж шинжээчид үзэж байна. 


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер айлчлалын талаарх мэдээнд тайлбар өгөхөөс татгалзжээ.


Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдэг байснаараа алдартай Ж.Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр нэвтэрсний дараа сураггүй болсон юм. Түүнийг Консулын газраас амьд гарсан хэмээн тус газрын төлөөлөгчид мэдээлсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Саудын Арабын Засгийн газраас түүнийг Консулын газарт болсон маргааны үеэр амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн юм. Америкийн талын хувилбараар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж сэтгүүлчийг аюул занал гэж үзсэн учраас уг ажиллагааг биечлэн зөвшөөрсөн байна. АНУ-ын засаг захиргаа Саудын Арабын харьяат 76 иргэнд хилийн чанад дахь тэрс үзэлтнүүдийг заналхийлсэн, Хашоггийн аллагад оролцсон хэмээн визийн хориг тавьснаа мэдэгдсэн билээ.


Related news