АНУ-ын дэд Ерөнхийлөгч Туркт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-14 16:22:09

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүлээр Туркт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Ерөнхий сайд Бинали Йылдырым нартай уулзана гэж Цагаан ордноос мэдээлэв.

Тэд Фетулла Гуленийг АНУ-аас шилжүүлэн авах Туркийн хүсэлтийн талаар хэлэлцэх ажээ. Өнгөрсөн сарын 15-нд Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогод Гулен оролцсон гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа билээ.

Цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэн цагаас хойш Туркийн эрх баригчид Гулентэй холбоотой хүмүүсийг бүгдийг нь баривчилж, албан тушаалаас нь буулгаж, чөлөөлж байна.

Харин АНУ хатуу арга хэмжээ авахаас зайлсхийхийг Туркт уриалж байгаагийн зэрэгцээ Гуленийг Туркийн талд шилжүүлэн өгөх асуудлыг нухацтай хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ цэргийн эргэлт хийх оролдлогод Гулен оролцсон болохыг батлах нотолгоог АНУ-ын тал Туркээс хүсчээ.

Д.Нямтулга

Related news