ХОВД: Улсын хэмжээнд монгол тууль өвлөн уламжилсан 50 гаруй туульч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-29 12:53:00

Ховд /МОНЦАМЭ/.  Ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл бол тууль.

Улсын хэмжээнд монгол тууль өвлөн уламжилсан 50 орчим туульч байгаа. Үүний 50 гаруй хувь нь Ховд аймгаас гаралтай, алтайн урианхайн туульчид аж.   

Урианхайн туульчид тууль хайлахаасаа өмнө алтайн магтаал хэлдэг байна. Тууль хайлахад тогтоосон дэг жаяг байхгүй бөгөөд туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлдэг аж.


Энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт болсон “Цайны зам” өв соёлын гуравдугаар наадмын хүрээнд Тууль, цуурын улсын уралдаан зохион байгууллаа.    

Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн. Иймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан. Улмаар энэ онд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.

Нийт 10 гаруй туульч, цуурч оролцож, уламжлалт аялгууг эгшиглүүлж, ур чадвараа сорив.  


Туульчдын
уралдааны тэргүүн байрт Мөнххайрхан сумаас оролцогч Ц.Цэндсүрэн, дэд байрт Дуут сумаас оролцогч У.Зундуй нар шалгарлаа.

Мөн Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа гуравдугаар байр, Дуут сумаас оролцогч О.Үнэнбат, Б.Лхагвацэрэн нар тусгай байрт шалгарч, шагналаа гардан авав.

Цуурын төрөлд тэргүүн байрт Жаргалант сумаас оролцогч Д.Золзаяа, дэд байрт Дуут сумаас оролцогч Д.Намуунцэцэг нар шалгарсан юм.

Мөн гуравдугаар байрт Мөнххайрхан сумаас оролцогч Бат-Эрдэнэ, тусгай байрт Баян-Өлгий аймгаас оролцогч Телебек шалгарсан бол цуур хөгжмийн “шилдэг багш”-аар Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Дамдиндорж шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.  

Related news