Төмөр зам доогуур 4 байршилд авто замын нүхэн гарц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-03 15:37:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа.


Төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм. Нүхэн гарцуудыг дараах 4 байршилд хэрэгжүүлнэ. Үүнд:


-Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.



-Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.



-Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.



-Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.

 

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийг шийдэх хүрээнд төлөвлөсөн цогц үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Related news