БАЯН-ӨЛГИЙ: Дөрвөн сумын сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн байгууламжтай болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай хамтран
улсын хэмжээнд 819 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг
шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгох төсөл хэрэгжүүлж байгаа.
Тус төслийн
хүрээнд Баян-Өлгий аймгийн Бугат, Булган, Буянт, Сагсай, Алтай, Алтанцөгц,
Дэлүүн, Баяннуур, Улаанхус сумын 53 объектын ариун цэврийн байгууламжийг
шинэчлэх юм.
Баян-Өлгий аймагт
хэрэгжүүлж байгаа дээрх ажлын нийт төсөв нь 4 тэрбум 921 сая төгрөг бөгөөд
гүйцэтгэгчээр "Тунгалагбуянт дуут", "Мурап" компаниуд ажиллаж байна.
Аймгийн Газрын
харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр одоогийн байдлаар
Бугат, Булган, Буянт, Сагсай сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн эрэгтэй,
эмэгтэй дотуур байр мөн хүүхдийн цэцэрлэг зэрэг 14 объектын нүхэн жорлонг шинэчлэн
ариун цэврийн байгууламжтай болгож, ашиглалтад өгөхөд бэлэн болжээ.
Ийнхүү
боловсролын байгууллагуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн
байгууламжтай болгосноор хүүхдүүд халуун орчноос гадаа гарч бие засахтай холбоотойгоор бий
болдог суурь өвчин, халдварт өвчин болон жорлонгийн нүхэнд унах эрсдэлээс
урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.