БАЯН-ӨЛГИЙ: Сурагчдад зориулсан нийгмийн даатгалын сургалтыг бүх сургуульд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчид Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 100 гаруй сурагчдад Нийгмийн даатгалын тухай ойлголт, ач холбогдол, ирээдүйн хамгаалалт зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа
Төгсөх ангийн сурагчдад хөдөлмөрийн зах зээлд хөл тавихын өмнө
нийгмийн даатгалын талаарх мэдлэгийг өгч, ирээдүйн хариуцлагатай иргэн болоход
нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сургалт үр дүнтэй, сонирхолтой болж
өнгөрсөн бөгөөд энэхүү сургалтыг цаашид аймгийн хэмжээний бүх сургуульд зохион байгуулах юм.
Сурагчид сургалтад идэвхтэй оролцож, сонирхсон асуултууддаа нийгмийн даатгалын мэргэжилтнүүдээс хариулт авч, сургалтын үр дүнг баяжуулж, харилцан ойлголцлын хүрээнд нийгмийн даатгалын байцаагчид сурагчдад мэдээлэл танилцуулж, холбогдох материал бэлдсэнээ тарааж өглөө.
Энэхүү сургалтын талаар тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Айгеримээс тодруулахад, “Аймгийн нийгмийн даатгалын газрын байцаагчид ахлах ангийн сурагч бидэнд нийгмийн даатгал төлөхийн ач холбогдол, эргээд тус даатгалаас хүртэх үр ашгийн талаар сонирхолтой сургалт явууллаа. Сурагчид бид энэ сургалтаас хууль тогтоомж, хэрэгжиж байгаа журмуудын талаар анхан шатны ойлголттой боллоо. Сурагчид бидэнд бусад төрийн байгууллагууд ч гэсэн өөрсдийн үйл ажиллагаа, чиг үүргээ танилцуулж байвал бид мэргэжлээ эртнээс сонгоход чухал ач холбогдолтой юм байна” хэмээв.