“Сычуаны сайн хүн” жүжиг үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын
онолч Бертольт Брехтийн алдарт
зохиол “Сычуаны сайн хүн” жүжгээр нээнэ.
Дэлхий дахинаа театр
урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч,
театрын онолч Бертольт Брехт зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт
хувьсгал хийсэн нэгэн юм. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран
бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан.
Брехтийн “Туульсын
театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of
Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх
бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг
жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.
Жүжгийн үйл явдал
дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт
энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.
Жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод "ГИТИС-Театрын их сургууль"-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Э.Ёндоншарав ажиллаж байна.
Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек
улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”,
Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан
аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”
жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн
үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаад буй юм.
Жүжгийн ерөнхий зураачаар ОХУ-ын театрын зураач Анна
Гребенникова ажиллаж буй юм. Түүний хувьд жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравтай
хамт “ГИТИС-Театрын их сургууль”-ийг
театрын зураач мэргэжлээр суралцаж төгссөн байна.
Жүжгийн гол дүрд СТА жүжигчин Т.Хулан, Н.Ялалт нар тоглох
бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, жүжигчин
Д.Хосбаяр, Г.Отгонцэцэг, Б.Шинэбаяр, Б.Эрдэнэцэцэг, Г.Алтангэрэл, Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Б.Бат-Өлзий, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор нар дүр бүтээх юм.