Ж.Ганбат: Нүүрсний цахим худалдааг Хөрөнгийн биржээр дамжуулан хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-10 09:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нүүрсээ хил нөхцөлөөр экспортод гаргаж, биржийн системээр цахимаар борлуулна. Энэ ажлыг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эхлүүлэх гэж байна. Энэ талаар тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.


-Нүүрсээ биржээр, цахимаар худалдах ажлын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Засгийн газраас журам гарсан. Манай компани, УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж хамтран ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг хангаж байна. Энд бид Хөрөнгийн биржийн системийг ашиглан цахим худалдаагаа хийнэ. Хөрөнгийн биржийн платформоор бид коксжсон нүүрсний үнэ 170 ам.доллар байна гэх мэтээр бүх төрлийн нүүрсний үнийн мэдээллээ худалдан авагч БНХАУ-ын талд хүргэж байна.


Ингэснээр Хятадын компаниуд мөн тэр платформ руу орж бүртгүүлээд худалдан авах саналаа өгнө. Бид 170 ам.доллароос дээшээ үнээ дуудаж, хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид нүүрсээ нийлүүлнэ. Мөн бид үнийн мэдээллээ багцалж санал хүргүүлнэ. Гол нь энд Хятадын талд манайхыг хэдий хугацаанд нүүрсээ нийлүүлэх боломжтой юм гэсэн хүлээлт үүсэх байх. Энэ нөхцөлд манайхаас жишээ нь, 7 хоногт 500 мянган тонныг хүргэнэ, Ганц мод юм уу Гашуунсухайт боомтоор нийлүүлнэ гэдгээ зарлаж мэдэгдэх үүрэг хүлээнэ. Ер нь цахим худалдааг эхлүүлснээр манай Хөрөнгийн бирж олон улсад арилжих үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хэлж болно. 


БНХАУ-ын 170 гаруй компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч байна.


-Одоо танай компанийн хувьд ямар байдлаар нүүрсээ гаргаж байна?

-"ЭТТ” ХК өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талд уурхайн амны үнээр буюу 109 ам.доллароор нүүрсээ борлуулж ирсэн бөгөөд хилийн нөхцөлөөр борлуулбал нэг тонн нүүрсний татварыг нь хасаад 160-170 ам.доллар, дээшээ 200 ам.доллар руу хүрэх байсан. Хоорондын ялгаа их байгаа биз. Хамгийн аюултай, ноцтой нь худалдан авагч талын дундах нөхдүүд ам нөхцөлөөр буюу нүүрсийг 109 ам.доллароор авчихаад хилийн цаана дахин худалдаж ашгийг нь давхар хүртэж ирсэн. Үүнийг л одоо болиулж арилгах гээд байгаа юм. Одоо бол бид биржийн системд очиход уурхай дээрээс нүүрсээ өөрсдөө ачаад, тээврийн зардлаа мөн өөрсдөө даагаад хил дээр хилийн үнийн нөхцөлд очно. Ингэснээр нүүрсээ илүү үнэд хүргэх юм. Биржээр, цахимаар нүүрсээ экспортолж эхэлснээр нөгөө нүүрсний асуудлыг цэгцэлж, бүх далд эдийн засгийг ил болгох зорилготой юм.


“ЭТТ” ХК 2010 онд байгуулагдан, дараа жилээс нь үйл ажиллагаа явуулж экспортоо эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ худалдаж чадаагүй ирсэн. Ингээгүйгээс 4 тэрбум ам.долларыг алдсан. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцох юм бол бараг 12 их наяд төгрөг болж байгаа юм.


-Хилийн үнэ гэж яг ямар үнийг хэлээд байна вэ? Үүнийг хаанаас тогтоодог юм? Энэ нь хоёр улсын хооронд тохирсон, олон улсын зах зээлийн үнэ үү?

-Хилийн үнийг SХcoal зэрэг вэбсайтаас харах боломжтой. Энэ нь Гашуунсухайт, Ганц модны боомт дээр худалдаж буй үнийг хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл, Хятад талдаа, манай улстай хиллэдэг тус улсын зүүн болон баруун хойд талын нүүрсний компаниуд дээр худалдаж буй үнэ юм. Одоо бид хил нөхцөлийн үнэд очоод цаашаа Монгол Улс дараагийн боомтуудтай харилцаж, хил дээрх үнээс илүү давуулж зарна. 

Related news