ДАРХАН-УУЛ: Олон үйлдэлт орыг эмэгтэйчүүдийн тасагт хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-10 15:52:52

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс 1900 орчим нь эмэгтэйчүүд бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар харьяа өрхийн эмнэлэг болон Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгаар үйлчлүүлдэг.  

Гэвч тэдэнд зориулагдсан тусгай тоног төхөөрөмжгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл тулгардаг байсан аж. Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт шаардлагатай байсан үзлэгийн зориулалттай орыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  Дархан сумын ЗДТГ-аас хүлээлгэн өглөө. Энэхүү ор нь үзлэг хийлгэж буй иргэнд зориулан гар удирдлагаар тохируулга хийх боломжтой аж.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь бусдын адил эмнэлгийн тусламж үйлчилгээг эрх, тэгш байдлаар авах ёстой. Хүний эрхийг дээдэлж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж, цаашид үзлэгийн орны тоог нэмэгдүүлнэ гэж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа мэдэгджээ.

Олон үйлдэлт энэхүү ор нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээс гадна хөдөлгөөний хязгаарлалтад байдаг эмэгтэйчүүдэд зориулагджээ.  

Related news