ӨМНӨГОВЬ: Гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрмүүдийг байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-26 11:07:49

Даланзадгад /МОНЦАМЭ/ "Говь+Ус" хөтөлбөрөөр гадаргын ус хуримтлуулах хөв цөөрмийг байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттай хийж байна.

Тус ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 761 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн өмнөд хэсэгт хөв цөөрөм байгууллаа.

Энэхүү хөв цөөрмийн бүтээн байгуулалтад улсын комисс хяналт шинжилгээ хийж ажилласан бөгөөд байнгын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авчээ.

 


46 мянган шоо метр ус хуримтлуулах хүчин чадал бүхий уг хөв цөөрмийн ажлын гүйцэтгэлийг "Хишиг Юниверс" ХХК хийж гүйцэтгэлээ.

Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрмийг олноор байгуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзсэн. Цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг сүүлийн жилүүдэд сэргээн хэрэглэж эхэлсэн нь ач холбогдол ихтэй юм.

 


Тодруулбал байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан, мал аж ахуй, амралт зугаалгын зориулалтаар ашиглах нь эдийн засгийн хэмнэлттэй.

2023 онд Өмнөговь аймгийн Ханхонгор, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нэмж 4 хөв цөөрөм байгуулах төсөл хэрэгжинэ.

Related news