Сарлагийн арьсны боловсруулалтыг сайжруулснаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-05 11:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Европын холбооны санхүүжилтээр “Свитч Азиа (SWITCH-Asia) тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Сарлагийн арьсны тогтвортой боловсруулалт” төслийг хэрэгжүүлж байна.


Тодруулбал, 2025 он хүртэл хэрэгжүүлэх энэ төсөл нь Монгол Улсад ургамлын аргаар идээлүүлсэн сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерын био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд уг төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын уулзалт боллоо.


Уулзалтаар био арьсан бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрлэх, эцсийн боловсруулалт хийх технологийг сайжруулах үүднээс шинэ технологи танилцуулах сургалт боллоо. Энд "Булигаар", "Брэнд гутал" болон Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн ААН-үүдийн төлөөлөл хамрагдаж сүүлийн үеийн арьс идээлгийн технологи болох "нойтон идээлэг"-ийн технологитой танилцав.


Идээлгийн шинэ технологийг арьс шир боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны хэрэглээг 20-30 хувиар бууруулах талаар Испани улсын Технологи, инновацын төв (INESCOP)-ийн Материал үйлдвэрлэл, лабораторийн дарга Элена Банон, ХБНГУ-ын Фрайберг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн арьс шир үйлдвэрлэлийн төвийн дарга, химич Стеван Гатлинг нар танилцууллаа.


Мөн арьс ширийг буруу боловсруулснаас үүдэлтэй хог хаягдал болон байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахаас гадна арьс шир боловсруулах явцад үүссэн гэмтэл, бүрэн бус боловсорсон арьс ширийг нөхөн сэргээх боломжтойг зөвлөлөө. Нойтон идээлгийн технологийг нэвтрүүлснээр тогтвортой, байгаль орчинд ээлтэй сарлагийн арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм гэдгийг Грек улсын “Европеан профайлс”-ын гүйцэтгэх захирал Димитриос Баколас, төслийн менежер Иан Леач нар хэлж байна. 

Related news