ХЭНТИЙ: Сүхбаатар, Дорнод чиглэлээс нийслэлийг зорьсон 197 зорчигч Чингис хотод түр буудаллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Шуурхай штабт цаг агаар муудсанаас хойш 16.00 цагийн байдлаар нийт 18 дуудлага ирснээс одоогийн байдлаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учирсан зүйлгүй байна.
Тодруулбал, нийт ирсэн 18 дуудлагаас харьяаллын дагуу шилжүүлсэн дуудлага хоёр, шийдвэрлэсэн буюу олдсон дуудлага хоёр, шуурхай штабын аврах бүлгийн баг ажиллаж байгаа дуудлага гурав, хотын ойролцоо үзэгдэх орчин хязгаарлагдаж, автомашинтайгаа зогссон дуудлага 11 бүртгэгдсэн байна. Мөн малчид бага насны хүүхдээ гэртээ үлдээн малдаа яваад төөрөх, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед суурьшлын бүсээс тээврийн хэрэгсэлтэйгээ гарч зүг чигээ алдан зогсох тохиолдлууд ихээр гарч байна.
Өнөөдөр Хэнтий - Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн автобус яваагүй зогссон бөгөөд Сүхбаатар, Дорнод чиглэлээс нийслэлийг зорьсон автобусууд Хэнтий авто тээврийн төвд ирж зогсон, нийт 197 зорчигч Чингис хотод буудаллан цаг агаарын нөхцөл байдлыг харзнаж байна.
Иймд малчид, иргэдийг сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, замд явахгүй байх, ноцтой эрсдэлд ороогүй /дугуй хагарсан, сум, хотын төвийн захад зогссон зэрэг/ бол дуудлага өгөхгүй байхыг Хэрлэн сумын Шуурхай штабаас онцгойлон анхааруулж байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days