В.Гантулга: Манай улсад судсан дотуурх мэс засал эрчимтэй хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-05-26 18:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Тархины судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт хурал өнөөдөр эхэллээ.

 

Хоёр өдөр үргэлжлэх тус хурлыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын төв, Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв, Монголын мэдрэлийн эмч нарын “Monneurology” нийгэмлэг, Монголын неврологийн нийгэмлэг, АШУҮИС болон Анагаах ухааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй юм.

 

Манай орны байгаль, цаг уурын эрс тэс байдал болон улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны хүнд эмгэгүүд, тархины харвалтын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. Тархины эдийн цус харвалтын тохиолдол болон нас баралтаар манай улс энэ цаг үед дэлхийд хамгийн өндөр түвшинд байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.

Улсын хэмжээнд жил бүр шинээр 6200 орчим хүн тархины харвалтаар өвчилсний 14.3-16.3 хувь нь УГТЭ-ийн үндэсний хэмжээнд лавлагаа тусламж үзүүлж буй харвалт болон мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасгаар эмчлүүлдэг байна. 2022 онд энэ чиглэлийн тусламж, үйлчилгээний үзүүлэлт 2013 оныхоос даруй 11 хувиар өссөн дүн гарчээ.

Тус эмнэлэг сүүлийн таван жилийн хугацаанд тархины судасны нээлттэй болон судсан дотуурх мэс засал, тархины харвалтын орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлэн нутагшуулснаар иргэдийг эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд зөвхөн тархины судсан дотуурх оношилгоо, мэс заслын тусламж, үйлчилгээний тоон үзүүлэлт 2022 онд 2011 оныхоос 4.5 дахин нэмэгдсэн байна.

 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч  В.Гантулга хэлэхдээ, “Дэлхий нийтээр хүрц багатай буюу шарх сорви, зовуурь шаналгаа, ор хоног багатай мэс заслыг сонгодог болсон. Түүний нэг нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, мэс засал юм. Манай улсад судсан дотуурх мэс засал эрчимтэй хөгжиж байна. Манай эмч нарын ур чадвар, хагалгааны түвшин, хэрэглэж буй багаж хэрэгсэл дэлхийн түвшинд хүрч байгаа. Сүүлийн жилүүдэд судсан дотуурх мэс засал эмчилгээ улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь оношилгоотой холбоотой. Эмч, хүний нөөцөө чадавхжуулах юм бол байгаа тоног төхөөрөмждөө тулгуурлан эрт үеийн оношилгоо хийж, мэс заслын эмчилгээ өндөр үр дүнтэй болно” гэдгийг тодотгов.

 

Тус хуралд мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, судсан дотуурх оношилгоо, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дүрс оношилгоо, сэргээн засахын эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон юм. Түүнчлэн Англи, Орос, Солонгос, Япон, Казахстан, Тайваниас илтгэгч нар оролцож байна. 







Related news