Турк улсыг ЕХ-нд элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-08 13:49:23

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй утсаар ярих үеэрээ Турк улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулах шаардлагатай байгааг онцолжээ.


“Европын хувьд стратегийн ач холбогдол бүхий Турк улсыг ЕХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх чиглэлээр тодорхой, бодитой хөтөлбөр бүхий яриа хэлэлцээг бүх түвшинд өргөжүүлэх шаардлагатай” гэж Р.Эрдоган хэлсэн байна.


Түүнчлэн  Анкара, Брюссель хоорондын гаалийн холбооны хэлэлцээрийг шинэчлэх, Турк иргэдийг ЕХ-нд визгүй зорчих боломжоор хангах, мөн шилжин суурьших асуудлыг зохицуулах, терроризмтой тэмцэх асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.


Турк улс нь ЕХ-нд элсэх тухай яриа хэлэлцээг 2005 онд эхлүүлсэн хэдий ч 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа Р.Эрдоганы зарласан онц байдал удаан үргэлжилснээс хойш уг хэлэлцээ хэдэн жилийн турш зогсонги байдалд ороод байгаа юм.

Related news