ӨВӨРХАНГАЙ: Улсад 9 удаа шилдэг аймгаар шалгарч байсан түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-09 17:01:36

Арвайхээр /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймгийн түүхт 92 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр боллоо.


Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн V -р хурлын тогтоолын дагуу 1931 оны 2 дугаар сарын 18-нд Цэцэрлэг мандал уулын аймгийг татан буулгаж, Өвөрхангай аймгийг байгуулан одоогийн Баянхонгор аймгийн Түйн голын Цагаан эрэг хэмээх газарт төвлөрүүлсэн нь Өвөрхангай аймаг буурал түүхийн буйран дээр тулгын чулуугаа тулан ханаа шийрлэсэн анхны өдөр юм.



“Өвөрхангай аймгийн 92 жилийн түүхэн хуудсын алтан шастирт ололт амжилт, алдаа оноо дүүрэн бий. Энэ бол өврийн сайхан хангай нутагт төрж өссөн, ажиллаж, амьдарсан нийт хүмүүсийн түүх, ажил, амьдралын гэгээн дурсамж, дурдатгал юм. Ажил үйлс, амжилт бүтээлээрээ улсад 9 удаагийн шилдэг аймгаар шалгарсан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Өвөрхангайнхан бид он цагийн шалгуурыг даван туулж, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, орчин цагийн соёл хандлагыг төлөвшүүлж, улс орныхоо ачааны хүндээс үүрэлцсэн алдар гавьяатай түүхийг хамтдаа бичилцэж ирлээ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

 

Баярын хурлаар аймгийнхаа түүхийг бүтээхэд өөрийн залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан нэр бүхий хүмүүс, иргэдээ шагнаж урамшуулав.

Related news