Хар салхи Хонконгт ойртон ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-01 18:36:42

ХОНКОНГ. /CNN/. “Саола” хар салхи өнөө орой Хонконгийг дайран өнгөрч, сүүлийн таван жилд үзэгдээгүй аюул учруулж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан Хонконгийн эрх баригчид шуурганы аюулын гурав дахь түвшний сэрэмжлүүлэг гаргаж, сургуулиудыг түр хааж, нислэгүүдийг цуцалжээ. 


Салхины хурд 240 км/цагаас 220 км/цаг болж эрч нь суларснаар “Саола” асар хүчтэй шуурганы ангиллаас түвшин буурсан боловч дөрөвдүгээр түвшний хар салхитай дүйцэхүйц хүчтэй хэвээр байна. Энэ шуурга Филиппиний зүүн хойд нутагт ихээхэн хохирол учруулжээ.


Хар салхинаас сэрэмжлүүлэх нэгдсэн төвийн тооцоолж буйгаар, шуурга баасан гаргийн шөнө Хонконгт, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид нэлээд ойртох хэдий ч шуурганы голомт нь эргээс зайдуу хэвээр байх төлөвтэй байна. Улмаар шуурга ойртохын хэрээр хоёрдугаар түвшний хар салхитай дүйцэхүйц болж хүч нь сулрах төлөвтэй байна.


Гэхдээ Хонконгийн Цаг уурын ажиглалтын газар шуурганы нөлөөгөөр ширүүн бороо орж, хүчтэй салхилж, эрэг орчмын нам дор газруудад усны түвшин нэмэгдэнэ гэдгийг анхааруулжээ. Тус байгууллага пүрэв гаргийн үдэд шуурганы “T3” сэрэмжлүүлгийг гаргаад байсан бол өнөө өглөө “T8” болгож олон шатаар ахиулсан байна.


“Саола” Гуандун мужид ойртон ирж байгаатай холбоотойгоор Хятадын эх газарт мөн хар салхины аюулын хамгийн дээд буюу улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаад байна. Түүнчлэн Хонконгтой залгаа оршдог, өндөр технологийн төв Шэньжэнд сургууль, ажил, бизнес, зах, нийтийн тээврийн үйл ажиллагааг баасан гарагт түр зогсоожээ. Тус хотын олон улсын нисэх буудал баасан гаргийн үд дундаас эхлэн бүх нислэгийг хойшлуулжээ.


Хятадын Цахиурын хөндий гэгддэг 13 сая гаруй оршин суугчтай тус хотын иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг уриалж, шаардлагатай хүмүүст зориулж түр хоргодох байрнуудыг нээжээ. Гуандунд пүрэв гаргаас ням гаргийн хооронд 4000 орчим галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон гэж төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээллээ.

 


Related news