Унгар улсын төрийн дээд шагнал “Хүлэг баатрын загалмай” одонгоор Г.Эрэгзэнг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-19 11:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэнг Унгар улсын төрийн дээд шагнал “Хүлэг баатрын загалмай” одонгоор шагнасныг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский албан ёсоор гардууллаа.


ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнгийн Монгол-Унгарын шинжлэх ухаан, соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнажээ.


ШУА-ийн Археологийн хүрээлэн, НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар улсын ЭСЯ, Унгар улсын Унгар судлалын хүрээлэн хамтран "Азийн хүннү ба Европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа хамаарлын судалгаа" эрдэм шинжилгээний төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршдог Бэлхийн амын хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалын судалгаа, хадгалалт хамгаалалт, тохижилтын ажлыг хамтран хэрэгжүүлж буй.


Мөн Нийслэл хотын орчимд орших Ар Гүнтийн хүннүгийн оршуулгын дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлж баялаг олдвор хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлэн, Азийн Хүннү гүрэн болон Аттила хааны Европын хүннүчүүдийн харилцаа холбоог антропологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан генетикийн түвшинд баталгаажуулан тогтоосон нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий судалгаа болсон юм.


Түүнчлэн ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мөр зэрэгцэн хамтран ажилласан Унгар улсын Унгар судлалын хүрээлэнгийн захирал асан, доктор Хорват Лугошши Габор, Археологийн төвийн захирал, доктор Миклош Макольди, Археогенетикийн төвийн захирал, доктор Эндре Непарачки, археологич, доктор Чаба Хидан нарт Талархал илэрхийлсэн гэрчилгээг захирал Г.Эрэгзэн Элчин сайд Борбала Анна Обрушанскид уламжлан гардууллаа.



Related news