Монгол Улсад олон улсын эрүүл мэндийн дүрмийн бүрэн чадавхын үнэлгээг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-09-19 13:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ДЭМБ-тай хамтран Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээний дүнг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа. 


Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ, “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн бүрэн чадавхын үнэлгээг ДЭМБ-аас Монгол Улсад 11 дүгээр сард хийх гэж байна. Олон улсын эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой ЭМЯ-наас гуравдугаар сараас эхлэн ажлын баг байгуулан бэлтгэл ажлыг хангасан. Энэ сард манай орны  Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавх ямар хэмжээнд байгааг өөрсдөө мэдэх гэж байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрмээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал тохиолдсон үед тус улс ямар арга хэмжээ авахыг тодорхой заасан. Энэ дүрмийн үнэлгээнд эрүүл мэндийн салбараас гадна нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед оролцдог бүх салбарыг хамруулдгаараа онцлог юм. Номхон далайн баруун бүсээс энэхүү асуудлыг хариуцсан эрдэмтэн шинжээч нар ирж үйл явцтай танилцаж байна. ДЭМБ-аас 2017 онд энэхүү үнэлгээг хийсэн. Үүнээс зургаан жилийн дараа Монгол Улс өөрийн хүсэлтээр дахин хийлгэж байна. Өөрийгөө үнэлнэ гэдэг нь бид аль түвшинд явж байгаагаа тодорхойлно. ДЭМБ 11 дүгээр сард үнэлгээ хийж зөвлөмж гаргана. Үүнийг бид хэрэгжүүлэн ажиллах зорилготой” гэлээ. 


ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, “Хамтарсан хөндлөнгийн үнэлгээг хоёр дахь удаагаа хийж байгаа Номхон далайн бүсийн анхны орон Монгол Улс болж байна. Бид цар тахлын үед олж авсан сургамжаа цаашдаа хэрэгжүүлэх нь маш чухал.

Эрүүл мэндийн аюулгүй байдал бол зөвхөн эрүүл мэндтэй холбоотой төдийгүй нийгэм, эдийн засаг бусад салбарын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож авсан. Иймээс бид олон нийтийн эрүүл аюулгүй байдлыг хамгаалахын тулд учирч болзошгүй бүх эрсдэлийг анхаарч, тооцоолох хэрэгтэй.

Монгол Улс тогтолцоо сайтай орон. Тулгарч байгаа асуудлыг аваад үзвэл маш олон хэмжээстэй, нарийн хэцүү зүйлүүд байгаа. Зөвхөн халдварт өвчин төдийгүй байгалийн гамшигт үзэгдлүүд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нөлөөллүүдийн эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал байна. Энэхүү хамтарсан хөндлөнгийн үнэлгээгээр дамжуулан бидний өнөөгийн чадавх ямар байгаа вэ, салбар хоорондын хамтын ажиллагаагаа ямар түвшинд авч явж байгааг харах боломжтой болж байна. Мөн асуудлыг өөр өнцгөөс харах шинэ арга барилыг нэвтрүүлэх болов уу гэж найдаж байгаа. Хамтарсан хөндлөнгийн үнэлгээ нь өнөөгийн сургамж, туршлагаас үндэслэн ирээдүйн тогтолцоог бүх төрлийн аюул, эрсдэлийн эсрэг бэлэн болгох юм” гэв. 


Уулзалтад ОБЕГ, Цацрагийн хяналтын байгууллага, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарынхан оролцсон юм.  

Р.Цэцэгбаяр


Related news