ХЭНТИЙ: Төрийн архивын үйлчилгээ иргэд, байгууллагуудад эрэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Төрийн архивын тасгаас 2023 оны байдлаар 243 хадгаламжийн нэгжийн 14690 хуудас баримтыг цаасан хэлбэрээр иргэдэд өгч үйлчилжээ. Мөн таван хөмрөгийн найман дансны 219 хадгаламжийн нэгжийн 17845 хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Лавлагаа үйлчилгээнд нийт 35 байгууллага, 469 иргэний захиалга хүлээн авч, 133 иргэнд 605 жилийн цалингийн тодорхойлолт, 80 иргэнд 409 жилийн мал тооллогын бүртгэл, 544 иргэнд 2755 хуудас тушаалын хуулбар, 250 иргэнд архивын тодорхойлолт олгон ажиллажээ. Хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 1218 иргэнд үйлчилсэн аж.
Нийт 421 иргэн үнэлгээ хийлгэж, сар бүрийн 24-ний дотор үнэлгээний төхөөрөмжийн тайланг аймгийн ЗДТГ-т өгч, мөн E-archives.gov.mn хаягаар иргэдээс 98 захиалга хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй хадгалах хугацаа дууссан саналын хуудсыг устгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, улмаар аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг баримт устгах ажлыг зохион байгуулжээ.