Багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг албан ёсны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-27 16:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БШУЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийн уулзалт боллоо. 


Уулзалтаар салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, үнэлгээ, цалин хөлсний талаар байгуулсан хэлэлцээрийн биелэлтийн явц хангалттай байгааг үнэлж, 2024-2025 хэлэлцээрийн төслийн талаар ярилцав. 

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны хэлэлцээрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогын зохистой байдлыг хангах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах асуудлаар салбарын хэлэлцээрт тусгах агуулгыг хэлэлцэн зөвлөлдлөө.

Шинэчлэн батлагдсан Боловсролын ерөнхий хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг салбарт таниулах, сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар үр дүн гарна гэдэгтэй талууд санал нэгдсэн. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын хэлэлцээрийг үр дүнтэй, бодит, чанартай байлгахаар талууд хамтран ажилладаг. Цаашид багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг албан ёсны энэ холбоотой байгуулсан хэлэлцээрийн хүрээнд л хэрэгжүүлнэ гэдгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцлов.


Related news