“Монгол ур чадвар-2023” тэмцээний ялагчид “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-03 13:30:15

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Монгол ур чадвар-2023” тэмцээнийг мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулж байна.


Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн  гурван үе шаттай үргэлжлэх юм.


2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-3-нд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа.

Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-нд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд БНФУ-ын Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.


“Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулж мэргэжил бүрийн тэмцээнээс шалгарсан шилдгийн шилдэг суралцагчийн тусгай мэргэжлийн бэлтгэлийг нэг жилийн хугацаанд мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулдаг. 


Тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, “GIZ-Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгуулж байна.


Сонирхуулахад, манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн.  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллага нь тивийн болон тухайн гишүүн орны ур чадварын байгууллагатай бөгөөд Монгол Улс 2022 онд Азийн бүсийн дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болж хамтын ажиллагаа өргөжүүлж байна. 


Манай улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцсон. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож байв.


“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулахад манай улс токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн 7 мэргэжлээр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад амжилттай оролцож ирсэн.


Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 4 удаа оролцохдоо сүүлийн гурван удаагийн тэмцээнээс гагнуур, барилгын өрөг угсралт мэргэжлээр дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртжээ.






Related news