“Багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого”-ыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-05 15:50:17

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр тохиож байна.


Энэ өдөр Монгол Улсын Засгийн газраас багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар “Багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого”-ыг танилцууллаа.

Энэ нь

-Багш бэлтгэх тогтолцоо

-Багшийг тасралтгүй хөгжүүлэх

-Багшийн нийгмийн баталгааг хангах юм.


Багшийг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэх аж. Ингэхдээ багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлэх юм байна. Багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт хамруулахдаа дээд боловсролын байгууллагын үндэсний эрэмбэ, чансааны эхний хагаст багтсан сургуульд элссэн байх, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрт элссэн байх, төгсөөд орон нутагт бол гурав, нийслэлд бол таван жил төрийн өмчийн боловсролын байгууллагад тасралтгүй багшаар ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх гэсэн шалгуурыг зөвшөөрөх ёстой гэнэ. Харин багшийг хөгжүүлэхийн тулд гадаад, дотоодын сургалтын байгууллагад хийх богино хугацааны Internship II хөтөлбөрт болон зөвлөх багш нарын сайн дурын зуны сургалтад хамруулах ажээ. Багш нарын өмнө тулгамдаж буй гол асуудал нь цалин, нийгмийн баталгаа юм. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ярихдаа, “Багш нарын цалинг шууд 1000 ам.долларт хүргэх боломжгүй. Мэдээж бага багаар нэмээд явна. Өнөөдөр багшийн хамгийн доод цалин 1.2 сая төгрөг байгаа. Үүнийг цаашид шат дараатайгаар нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Боловсролын чанарыг тодорхойлогч нь багш учраас цаашид багшийн хөгжилд онцгой анхаарах болно” гэв.


Орон нутгийн захиалгаар, эсвэл өөрийн хүсэлтээр хөдөө, орон нутагт гурваас доошгүй жилээр ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлэх аж. Түүнчлэн Эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих төв байгуулахаас гадна даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргах юм байна. Энэхүү бодлогод багтсан хамгийн чухал зүйлийн нэг нь багш, ажилтны амьдрах нөхцлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжих юм. 

Related news