2024 онд Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-09 12:59:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хельмут Кулитцийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар хоёр улсын боловсролын салбарын олон жилийн нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлж тэр тусмаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлууд амжилттай байгаа талаар онцлов. 


Ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлаж буйг уламжлав. 

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол” төсөл, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард баталсан Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дээрх төслүүдийг 2026 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. 


Мөн энэ оны 11 дүгээр сард БШУЯ-наас Улаанбаатар хотноо ХБНГУ-ын “Саксон мужийн боловсролын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулах талаар болон Ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1000 инженерийг ХБНГУ-д бэлтгэх асуудлаар талууд санал солилцов. 


Related news