Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэг дулааны асуудлаа шийдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-21 10:42:21

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт дулааны алдагдал бууруулах засварыг өнгөрсөн зун зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн юм.

Тус цэцэрлэгийн засварын ажлыг Хатан түнгэл ХХК хугацаанд нь хийж гүйцэтгэжээ. Уг засварын ажлыг нийт 270 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийсэн бөгөөд Германы “Эрчим хүчний үр ашиг” төслөөс 70 хувь, ОНХС-аас 30 хувийг нь гаргасан байна.

Өмнөх жил "Эрчим хүчний үр ашиг" төсөл Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийг мөн дулааны алдагдалгүй тохилог орчинд хүүхдүүд амьдрах нөхцөл бүрдүүлж өгсөн юм.

Энэ жил тус сумын 3-р цэцэрлэг дулааны алдагдалгүй болж шинэ засвар үйлчилгээ хийгдсэний  нээлтээ саяхан хийлээ.

Уг нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БСГ-ын дарга М.Пүрэвхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болорцэцэг, 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг, “Хатан түнгэл” ХХК-ийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Анх 1989 онд байгуулагдсан 3 дугаар цэцэрлдэг одоо 27 багш ажилчинтай, 7 бүлгийн 198 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна.

Засвар хийхээс өмнө дулааны маш их алдагдалтай, багш, хүүхдүүд даарч, хичээллэх боломжгүй байсан бол энэхүү засварыг хийснээр дулаан алдагдлыг 50 хүртэл хувь бууруулах боломжтой болж байна.

 

А.Бямбасүрэн

Related news