Н.Эрдэнэцацрал: Өсвөр үе, залуучууд бэлгийн замаар дамжих халдварт илүү өртөмтгий байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-21 14:04:53

Энэ оны 6-р сарын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд нийт 871 халдварт өвчин бүртгэгдсэнээс 92 тохиолдол нь бэлгийн замаар дамжих халдвар байна. Үүний дотор зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдварууд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Энэ талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс гоо засал, ДОХ,БЗДХ-ын их эмч Н.Эрдэнэцацралаас тодрууллаа.

-Хэнтий аймгийн хэмжээнд БЗДХ-ын тохиолдлыг өнгөрсөн оныхтой харьцуулахад үзүүлэлт нь хэр буурсан байгаа вэ?

-2015 оны 7-р сарын байдлаарх үзүүлэлтүүдийг 2016 оны 7 сартай харьцуулахад Тэмбүүгийн халдварын 79 тохиолдол бүртгэгдсэн нь 46 болж буурсан, Заг хүйтний 43 тохиолдол бүртгэгдэж байсан бол 19 болж буурсан, Трихомниазын 49 тохиолдол бүртгэгдэж байсан бол 33 тохиолдол болж буурсан хандлагатай байна. Ер нь өвчлөхөөс нь өмнө тухайн хүнээ урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй байдаг учир энэ жил ахиу урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөө өгсний хүрээнд нийт 5670 хүнд хүрч үйлчлээд байна. Урьдчилсан сэргийлэх үзлэг хийснээр БЗДХ өвчний илрүүлэлт, эмчилэхэд үр дүнтэй байдаг. Үзлэгээс халдвартай гарсан хүмүүсийн 16 нь заг хүйтэн, 11 нь тэмбүү, 7 нь трихомонназ өвчтэй нь илэрч эмчлэгдсэн байгаа.

-Бэлгийн замаар дамжих халдварт хэдээс хэдэн насныхан илүү өртөмтгий байна вэ?

-Ерөнхийдөө нийт халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийг насны байдлаар ангилж үзвэл 15-34 насны эмэгтэй, эрэгтэй хүүхэд, залуучууд дийлэнх хувийг эзэлж байна. Тийм учраас Өсвөр үе, залуучууд, ид сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж байгаа насандаа өртөх нь нэлээд элбэг байна гэж хэлж болно. Тухайн хүмүүс өөрөө урьдчилан сэргийлэх зүйлийг өөртөө авч хэрэгжүүлдэг байх ёстой.  Одоо сургууль ороод эхлэх үеэр өвчлөл нэмэгдэж ирдэг учир ялангуяа оюутан залуус анхаарах хэрэгтэй. 2016 оны 7 сарын байдлаар өвчлөл буурсан хандлагатай байгаа хэдий ч сүүлийн саруудад ихсэх хандлага гардаг. Яагаад гэвэл оюутан залуучууд сургуульдаа явдаг учраас ийм хандлага ихэсдэг. Оюутан залуусын эцэг эхийн хараа хяналт, өөрсдийнх нь хувийн ариун цэвэр, биеэ авч явах байдлаас уг өвчнийг авах авахгүй нь өөрсдөөс нь шалтгаалдаг.

-Өсвөр үе, оюутан залуус, нийт хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Та бүхэн өөрсдийнхөө хувийн ариун цэвэрт анхаарч, мөн замбараагүй тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, архи мансууруулах бодис хэрэглэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл 15-20 насны охид бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь элбэг байдаг. Эдгээр хүмүүс хүнд уруу татагдах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орох зэрэг тохиолдлууд судалгаагаар илүү их байдаг. Бэлгийн замын халдварт өвчинд өртчихөөд эмчид хандахгүйгээр найз нөхдөөсөө асуух зэргээр өөрөө дур мэдэн эм тариа хэрэглэж эмчлэх тохиолдол элбэг байдаг. БЗДХ-ын өвчнүүд нь дангаараа илэрдэггүй, ихэвчлэн хавсарсан байдлаар илэрдэг учир зохих эмчилгээг нь эмчийн зааврын дагуу хийлгэхгүй, дур мэдэн эмчлэх тохиолдолд хавсарсан өвчний нэг нь илрэхгүй, эмчлэхэд бэрхшээлтэй тохиолдол байдаг. Бэлгийн замаар дамжих халтварт өртөх юм уу? эсвэл өвчнүүдийн талаар мэдээлэл авах шаардлагатай бол “Нэгдсэн эмнэлэг Улаан тууз сайн дурын дүн шинжилгээний төв”-д ажлын цагаар ирээд та үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, зөвлөгөө авах, өвчинд өртсөн тохиолдолд эмчилгээ хийлгээрэй, манай үүд хаага бүрэн нээлттэй шүү.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news