Иргэдээс бие бялдрын хөгжил тодорхойлох судалгаа авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-08 09:17:59

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг маргаашаас эхлэн улсын хэмжээнд 14 хоногийн турш зохион байгуулахаар болжээ.


Уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны 7000 хүнийг хамруулах бөгөөд асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Иргэдээс мэдээллийг цуглуулахад ердөө 35-45 минутын хугацаа зарцуулах аж.


Судалгааны үр дүнгээр иргэдийн дундах хөдөлгөөний мэдлэг, дасгал хөдөлгөөн хийх орчин, бие бялдрын ачаалал даах чадвар, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах, нотолгоог бий болгох, бодлого шийдвэр гаргагч нарт зориулсан зөвлөмж, иргэдэд зориулсан дасгалын жишиг загварыг боловсруулах, зөвлөмж, гарын авлага боловсруулах ач холбогдолтой билээ.

Related news