Спортын дасгалжуулагч нарын анхдугаар зөвлөгөөн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-23 16:33:17

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулав. Уг зөвлөгөөнд Үндэсний шигшээ баг болон спорт холбоодын 30 дасгалжуулагч оролцлоо. Зөвлөгөөнөөр дасгалжуулалтын өнөөгийн байдлыг тодорхойлж, одоо боловсруулж буй хууль, эрх зүйн баримт бичигт дасгалжуулагчдын саналыг тусгасан юм.


Энэ үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарт ажиллаж буй дасгалжуулагч нарын мэргэжлийн эрх ашгийг нэгтгэж, иргэдийн бие бялдрын дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд дасгалжуулагч нарын оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлох, төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд тэдний оролцоог хангах, мэдлэг боловсрол дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх, дасгалжуулагчдад тулгамдаж буй асуудал, шийдлийг хайх, хамтран ажиллах боломжийг судлахад энэ зөвлөгөөний зорилго оршиж байна” хэмээн тодотголоо.



“Парис-2024” зуны олимпын наадамд баг тамирчдыг бэлтгэх хүрээнд 26.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан бөгөөд өмнө нь явж ирсэн “Олимпыг дэмжих сан”-г дахин явуулахгүй болжээ. Мөн улсаас спортыг дэмжих хэрээр тамирчин, дасгалжуулагчдын сахилга бат, ёс зүйд уялдуулан тэдэнтэй хийсэн гэрээний гүйцэтгэлийг авч хэлэлцэх ёстойг хэлсэн байна.


Нэг үеэ бодвол спортын салбар дахь дасгалжуулагчдын цалинг нэмж, тэдний ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулсныг холбогдох албаныхан онцоллоо. Тухайлбал, энэ оны зургадугаар сард аймаг, дүүргийн спорт хороо, газрын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн цалинг 40-60 хувиар нэмжээ.


Зөвлөгөөний төгсгөлд дасгалжуулагч нарын өмнө тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн баримт бичигт тэдний санал хүсэлтийг тусгаж, “Сайдын дэргэдэх дасгалжуулагчдын орон тооны бус зөвлөл” байгуулсан юм.

Биеийн тамир, спортын төлөө зүрх сэтгэлээ зориулан дэмжиж байдаг дасгалжуулагч нар “Эв нэгдэл, ёс зүй-амжилтын түлхүүр” уриалга гаргаж, уг зөвлөгөөнийг дахин явуулах хүсэлт гаргав. 







Related news