Ёкозүнагийн зөвлөл Киришимаг ирэх башёд түрүүлбэл ёкозүна цол олгох талаар ярилцана гэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Токио хотын Кокүгикан ордонд явагдаж тус зөвлөлийн тэргүүн, Токиогийн их сургуулийн хүндэт профессор Ямаүчи Масаюки ёкозүна Тэрүнофүжи, озэки Киришима, Хоошёорюү нарын талаар юу хэлэлцсэнийг сэтгүүлчдэд сонордуулсан байна.
Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн сүүлийн 3 башё
дараалан өнжсөн, энэ жилийн 6 тэмцээний нэгд нь барилдсан ёкозүна Тэрүнофүжиг
“Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд заавал барилдаасай” гэж хүсэж байгаагаа
илэрхийллээ.
Хэрэв
нэгдүгээр сард зодоглохгүй бол Ёкозүнагийн зөвлөлөөс ямар нэг сануулга өгөх болсноо
хэлсэн байна.
Ёкозүнагийн
зөвлөл нь ёкозүнад “урам зориг өгөх”, “анхааруулга”, “зодог тайлахыг сануулах”
гэсэн гурван сануулга өгдөг ч энэ удаад “Заавал дээрх гурван сануулга биш
зүгээр л санал бодлоо илэрхийлж ч магадгүй” гэжээ.
Озэки Хоошёорюү С.Бямбасүрэнг Гонояматай барилдахын өмнө тачиай дээр 90
секунд гараа буулгалгүй ширтээд байсныг “Харахад хэцүү, озэки цолтны хийх
үйлдэл биш” гэж шүүмжилсэн байна.
Харин 13 даваатай түрүүлсэн озэки Киришима Б.Лхагвасүрэнг магтаад ирэх башёд түрүүлбэл ёкозүна цол олгох талаар ярилцах болно гэдгээ хэлжээ.