ХЭНТИЙ: ШТС-уудад хомсдол үүсээд эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндрэх талаар мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын удирдлагуудтай уулзлаа.
Энэ талаар тодруулахад, "Магнай трейд" ШТС-ийн тухайд шатахууны нөөц дууссан, "Оч манлай", "Баялаг хурх" гэсэн хоёр уурын зууханд хэвийн өгч байгаа гэв. Харин "Хангарди" ШТС шатахууны нөөцгүй, Улаанбаатар хот руу машинаа явуулаад тав хонож байна. Түлш ачсан вагон ирэхийг хүлээж байгаа гэлээ.
"Шунхлай" ШТС-ийн тухайд Цагаан цахир уул, Баялаг хурахаас бусад уурын зуухнуудыг шатахуунаар хангадаг. Мөн талонтой, карттай иргэд ААН-үүдэд олгож байна. Эхний ээлжид уурын зуухнуудаа гал алдуулахгүй хэвийн үйл ажиллагааг нь хангахад анхаарч ажиллаж байна гэсэн юм.
"Гор газ" ШТС нь АИ-92, дизель түлшийг өдөрт 1000 литрийн лимиттэй олгож байна. Аль алийг нь тасалдуулахгүй байхад анхаарч байгаа гэлээ. "МТ" ШТС нөөцгүй, "Тэс" ШТС АИ-92 долоон тн, дизель таван тн нөөцтэй. Өдөрт 500 литрийн лимиттэйгээр иргэдэд олгодог. Гэрээт байгууллагууддаа хэвийн олгож байна гэв.
Мөн "Петровис" ШТС АИ-92-ыг өдрийн лимиттэй өгч байгаа. Түлшийг карт, талоноор олгодог. Аймгийн хоёр станцад түлш нийлүүлж хэвийн ажиллагааг нь хангаж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн ШТС-уудын зүгээс аль болох зохицуулалт хийж иргэд, ААН-үүдээ түлшний хомсдолд оруулахгүй байх тал дээр анхаарч байгаа ч иргэд машиныхаа банкийг дүүргэсэн ч саванд нэмж авч зохиомол хомсдол үүсэхэд нөлөөлж байна гэлээ. Түүнчлэн зориулалтын бус саванд түлш авахаар ирж, тухайн ААН-ийг болон өөрсдийгөө ч эрсдэлд оруулж байгаа талаар танилцуулсан хэлж байлаа.
Аймгийн Засаг даргын зүгээс сум орон нутгийн ШТС-уудынхаа нөөцөд анхаарах, мөн "Хангайн илч дулаан" ХХК-ийн түлшийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Учир нь тус ААН нь 10 сумын халаалтыг хариуцаж ажилладаг тул түлш тасалдсанаар тэдгээр 10 сумын төрийн байгууллагууд, иргэд, ААН хөлдөх аюултай байгаа юм.