Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн түүхэн амжилтын эзэд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-08 16:00:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын ЗДТГ, “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-ын харьяа “Erdenet Miners” багийн энэ улирлын хожлын цуврал зогсолтгүй үргэлжилсээр байна.


“Erdenet Miners” Монголын сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны “Үндэсний Дээд Лиг”-т түүхэн амжилтыг үзүүлж, хасагдах шатанд хожигдолгүйгээр 12:0 амжилттай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит аваргын цомыг хүртсэн.


Өнөөдрийн байдлаар 11:0 амжилттайгаар энэ улирлын амжилтын хүснэгтийг тэргүүлсээр байна.


Тэд хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сарын 9-нд  "Тэнүүн Өлзий Металл" багт хожигдсоноосоо хойш одоо хүртэл хожигдоогүй байгаа юм.


Хожлын цуврал нь 23:0. Энэ улиралд "Erdenet Miner" багийн хожлын цувралыг зогсоох багуудын нэгээр BCH Garid баг нэрлэгдэж байсан. Хоёр баг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт учраа таарч тоглосон юм.


Тус тоглолтоос хоёр хоногийн өмнө багийн гол тоглогчдын нэг Т.Санчирыг Налайх Бизон баг руу явуулаад байсан нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан сонирхолтой шилжилт хөдөлгөөн болсон. Т.Санчиргүй "Erdenet Miners" баг тоглолтын турш онооны илүү явсаар BCH Garid багийг 62-70 харьцаатай хожсон юм. Т.Санчирийн үүргийг Ган-Эрдэнэ, Болор-Эрдэнэ нарын ах дүүс сайн гүйцэтгэж, багаа хожиход том үүрэг гүйцэтгэсэн. Хоёр тоглогчийн хувьд маш залуу буюу Ган-Эрдэнэ 23 настай, Болор-Эрдэнэ 20 настай.


"Erdenet Miners" багийн одоогийн амжилттай салшгүй холбоотой тоглогч бол Pendarvis Williams. Тэрбээр Аваргуудын төлөө хоёр дахь улиралдаа тоглож байгаа юм. Өнгөрсөн улиралд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн "Шилдэг Олон Улсын Тоглогч" шагналыг хүртсэн. Мөн хасагдах шатанд 21.7 оноо, 6.3 самбар, 3.4 оновчтой дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт дунджилж финалын "MVP" шагналыг хүртсэн билээ.


Түүнийг зогсооно гэдэг бусад багуудын хувьд ёстой "шүдний өвчин" болоод удаж байна. Penny энэ улиралд 20.9 оноо дунджилж, 60 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй тоглож байна.

Related news